Хэлсэн үгс

Монгол Улсын Засгийн газраас “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн зорилгыг “Хилийн чанадад буй монгол иргэдэд хандсан нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх, иргэдэд тулгарч буй асуудлын шийдлийг тодорхойлох, хилийн чанадад буй Монгол Улсын иргэдээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байна. Хөтөлбөр нь олон улсын томьёолж буй “brain circulation” буюу иргэд мэдлэг, боловсрол, үйл ажиллагаа, харилцаа холбоогоор эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг дэмжих, иргэний бүртгэлийг сайжруулах,  иргэдийн нийгэмлэг холбоодтой хамтран ажиллах зорилтуудыг тусгасан байна. Мөн энэхүү хөтөлбөр Монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.

Гадаад хэргийн яам, http://www.mfa.gov.mn/?p=31339

Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын чуулга уулзалтад оролцогчдод

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Элэг нэгт ахан дүүс ээ,

Алс холын орноос эх нутгаа зорин хуран чуулж буй эрхэм Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье. Юуны өмнө энэхүү чуулга уулзалтад төлөөлөгчөө илгээсэн нийт төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэгт гүн талархал илэрхийлье.

Дэлхийн 100 гаруй улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд маань сайн санаагаараа эвлэлдэн нэгдэж, холбоо нийгэмлэг, төрийн бус байгууллага, монгол хэлний сургалтын төвүүдийг үүсгэн байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь маш чухал юм.

Хилийн чанадад суугаа эх орон нэгтнүүд маань Үндэснийхээ баяр наадам, Сар шинийн баярыг хамтдаа тэмдэглэж, спортын арга хэмжээ, соёл, боловсролын үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж байдаг сайхан уламжлалтай болжээ. Монголчууд бид хаана амьдарч байгаагаасаа үл хамааран үр хойчдоо монгол хэл, соёлоо уламжлан өвлүүлэхэд хичээн чармайх учиртай. Монгол залуучууд өндөр хөгжилтэй оронд ажиллаж, сайн зүйл, сайн чадварыг эзэмшиж, түүнийгээ түмэн олонтойгоо хуваалцаж, төрөлх улсынхаа эдийн засгийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж эхэлж байна.

Миний бие, Монголчууд Үндэсний Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд "Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалсан. Энэ уриалгыг би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт, Монголоо гэсэн зүрх, сэтгэл бүрт хандан хэлсэн юм.

Бидэнд үндэс угсаа, эх нутгаа санагалзах сэтгэл, хүсэл байна. Ганцаараа арав алхаснаас олуулаа нэг алхсан нь дээр. Бид олуулаа болох тусам манай улсын нийгэм, эдийн засгийн бүтээмж нэмэгдэн, улам бүр хөгжих болно. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг дээр олуулаа аз жаргалтай амьдрахыг хүсэн мөрөөдөж ирсэн.

Дэлхийн ардчилал өндөр хөгжсөн улс оронд байдаг “Нээлттэй хэлэлцүүлэг” буюу “Иргэний танхим”-ыг одоогоос 5 жилийн өмнө бид санаачлан үйл ажиллагааг нь эхлүүлж байсан билээ. Ажил хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, эрдмийн жолоогоо даган эх нутгаасаа хол амьдарч буй иргэд маань, тэдний байгуулсан холбоо, нийгэмлэгийнхэн сардаа нэг удаа боловч цугладаг, шаардлагатай асуудлаа хэлэлцэж ярилцдаг, бяцхан үрсдээ эх хэлний хичээлийг нь заадаг, бодит дэмжлэгтэй ийм танхимыг Элчин сайдын яамд, Консулын газруудад байгуулан ажиллуулах хэрэгтэй байна. Одоо байгаа Элчин сайдын яамдын байранд өрөө тасалгаа гаргах, цаашид шинээр Дипломат төлөөлөгчийн газар нээхдээ “Иргэний танхим” байгуулах боломжтой байрыг онцлон судалж байхыг Гадаад Харилцааны Яам, Элчин сайдууд болон холбогдох албаны хүмүүсээс хүсч байна.

Гадаадад байгаа иргэдийнхээ төрийн үйл ажиллагаан дахь оролцоог хангаж чаддаггүй төрөөс оролцоог нь хүлээн зөвшөөрч, оролцуулж чаддаг, хэлсэн санал санаачилгыг нь хэрэгжүүлж чаддаг цаг үед бид шилжиж байна.

Бид Монголынхоо нэрийг сайнаар гаргаж явах ёстой. Хүн бүрийн нэрийн өмнө Монголын нэр явдаг учраас энэ ариун нэрийг сэвтүүлж үл болно. Харин “нэр хугарахаар яс хугар” гэдгийн учир эцэг, эх болоод эх орныхоо нэрийг үргэлж сайнаар дуурсгахыг гадаад дотоодод амьдран суугаа хүн бүхэн ямагт сэрж санаж явах ёстой.

Монголоо сайхан болохыг, эх оронд чинь хүмүүс ажиллаж амьдрах аятай тухтай орчин бүрдэхийг алсаас хараад хүлээж суух нь утгагүй. Монголынхоо гал голомтыг улам бадраан мандуулж, үр хойчдоо эртний түүхт Монгол орноо уламжлуулан үлдээх үйлсэд хүн бүр гар бие, сэтгэл оюунаа чилээн оролцох үүрэгтэй хэмээн үзэж байна.

Төрөөс гадаад улс орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ байнга холбоотой байж, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, мөн иргэдээ эх орондоо ирж, ажиллаж амьдрахад нь туслах хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, улс орныхоо нэрийг олон улс, даян дэлхийд сайнаар гаргаж байгаа иргэдээ дэмжиж урамшуулахад онцгой анхаарч ажиллана. Монголын түүх, соёл, зан заншлыг олон улсад сурталчлах бүхий л үйл ажиллагааг бид хамтарч хийх учиртай.

Чуулга уулзалтын үйл ажиллагаанд их амжилт хүсэхийн сацуу Та бүхний ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг бүтэмжтэй байх болтугай хэмээн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ

Улаанбаатар хот, Төрийн ордон
2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ, ЕРӨНХИЙЛӨГЧ
http://www.president.mn/

“Ардчилсан нийгэмд шилжсэнээр иргэд хилийн чанадад чөлөөтэй зорчих болж улмаар тэндээ суурьшин аж төрөх болсоор даруй 20 гаруй жилийг үджээ.

Үүнтэй холбогдуулан хилийн чанадад аж төрж буй иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх асуудал тавигдах болж Монгол төрийн бодлогын салшгүй нэг хэсэг болсон. Энэ ч үүднээс хилийн чанадад байгаа иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд хамгаалах асуудлыг Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тусган УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан билээ.

Шинэчлэлийн Засгийн газар ч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эх орондоо эргэн суурьшихад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг Гадаад харилцааны салбарынхаа тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгаа билээ.

Өнөөдрийн зөвлөгөөний нэг үр дүн бол Монгол улсдаа бүртгэлгүй иргэн гэж байх ёсгүй. Иргэдээ  бүртгэл судалгаанд хамруулж төрийн үйлчилгээг хүртэх орчинг бүрдүүлэх тал дээр бодитой алхмыг энэ чуулганаас дэвшүүлж, цаашдаа хамтран хэрэгжүүлж ажиллана. Гадаад улсад суугаа иргэн бүр улсаа төлөөлөх элчин сайд байх ёстой”

2014 оны 09-р сарын 19

Гадаад хэргийн яам, Гадаад сурталчилгаа
http://www.mfa.gov.mn/

(2014.08.18-19ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын анхдугаар чуулга уулзалтад оролцогсдод)

Эрхэм зочид төлөөлөгчид дөө,

Энэхүү чуулга уулзалтыг санаачилсан Гадаад харилцааны сайд Д.Болд, чуулганд оролцох урилгыг хүлээн авч, эх орондоо саатан хуран чуулж буй нийт төлөөлөгч Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхийн өнцөг булан бүр өөр өөр соёл иргэншлийн дунд “монгол” гэсэн өнгө төрхөө нэмэн ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэд маань эвлэлдэн нэгдэж, өнөөдөр 70 орчим төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэг, монгол хэлний сургалтын төв, сургууль байгуулан, үйл ажиллагаа явуулж монгол соёл, сэтгэлгээгээ эрхэмлэн хөгжүүлж буйд талархаж бна.

Та бүхний эх орноо гэсэн халуун сэтгэлтэй байдгийн нэгэн тод жишээ нь Британи дахь монголчуудын санаачилсан “Монгол орны хөгжилд” нэртэй форум юм. 2005 оноос хойш жил бүр тасралтгүй явуулж буй энэ форум 10 дахь жилийнхээ арга хэмжээг эх орондоо төрийн байгууллагын санаачилсан чуулга уулзалттай хамтатган зохион байгуулж байгаа нь Та бидний зорьж буй бүтээлч хамтын ажиллагааны сайн эхлэл болж байна.

Энэхүү чуулга уулзалт хилийн чанадад амьдарч буй монгол иргэд, тэднийг нэгтгэсэн холбоо нийгэмлэгтэй харилцаа тогтоох, тэдний дуу хоолойг сонсох, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, монгол хэл соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн түгээхэд онцгой ач холбогдолтой юм.

Гадаадад суугаа монголчуудаа интернэт ертөнцөд нэгтгэсэн, хамтран ажиллах зорилгоор 1999 онд анх байгуулагдсан “Цахим өртөө” сүлжээнээс үүсч бий болсон Цахим өртөө холбоо эдүгээ цахим ертөнц дэх монголчуудын нэгэн том байгууллага болон бэхжиж, энэхүү чуулганыг төрийн яамтай хамтран зохион байгуулж байгаа нь төр иргэдийн бүтээлч хамтын ажиллагааны нэгэн хэлбэр юм.

Монгол Улсын Их Хурлаас гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг баталгаажуулан эрх зүйн үндсийг тавьж өгснөөр 2012 оны Улсын Их Хурлын Сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцож, Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлсэн нь та бидний хамтын ажиллагааны нэгэн том үр дүн байлаа.

Чуулга уулзалтаас дэвшүүлсэн санал зөвлөмж нь төрийн бодлогод тусгалаа олж, бүтээлчээр хамтран ажиллах үндэс суурийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.

Хилийн чанад дахь иргэдийнхээ дуу хоолой, санаа бодлыг сонсох, үйл ажиллагааг нь төрөөс дэмжих ажлыг шинэ түвшинд гаргахаар зорьж буй чуулга уулзалт, салбар хуралдааны үйл ажиллагаанд амжилт хүсч, оролцогч, төлөөлөгч та бүхний ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Зандаахүүгийн ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Зандаахүүгийн ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
https://www.parliament.mn/